Монгол Улсын иргэд БНСУ-д 15 хоног визгүй зорчино гэх мэдээлэл #БАТЛАГДААГҮЙ

БНСУ-ын ЭСЯ-д албан ёсны мэдээлэл ирээгүй гэв

[Батлагдаагүй] 2022 оны 05 дугаар сарын 4-нд news.mn сайтад “Монгол Улсын иргэд БНСУ-д 15 хоног визгүй зорчино” гэх мэдээлэл оруулсан нь 05 сарын 5-ны 15:00 цагийн байдлаар 14 группэд хуваалцаж, нийт 5331 хариу үйлдэл авч идэвхжүүлсэн байна. Мэдээллийнхээ эх сурвалжаар MBС News гэж дурдсан. Үүнээс гадна бусад мэдээллийн сайтууд дээрх утгаар мэдээ гаргасан.
📌Уг мэдээнд “БНСУ-ын Засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэхээр шийджээ. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой аж. Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болжээ” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны 70071020 дугаарын утас руу 05 дугаар сарын 5-ны 16:23 цагт холбогдож асуухад “Энэ талаар эцсийн шийд гараагүй байна. Бид албан ёсоор шийдвэр гарсны дараа вэбсайтдаа мэдээлэх болно” гэж хариуллаа.
📌Мөн 05 дугаар сарын 9-нд имэйлээр илгээсэн асуултад 11-ний 14:28 цагт хариу ирүүлэхдээ, 👉“Тус мэдээлэл нь манай ЭСЯ-аас гаргасан мэдээлэл биш бөгөөд тодорхой мэдээлэл манай ЭСЯ-д ирээгүй байгаа болно. Тодорхой болмогц албан ёсны сайтан дээрээ мэдээлэл тавих тул хэрэгцээтэй мэдээллээ ЭСЯ-ы сайтаас шалгахын хүсье” гэсэн хариу өгсөн юм.
📌05 дугаар сарын 23-ны 14:00 цагийн байдлаар БНСУ-ын ЭСЯ-ны вэбсайтад энэ талаарх мэдээлэл оруулаагүй байна.

📌Нислэгийн Flightradar24 платформоос харахад БСНУ-ын зүүн өмнөд эрэгт байрлах Яньяны нисэх онгоцны буудал нь Сөүл-Яньян болон Чежү-Яньян чиглэлээр л нислэг үйлддэг байна.

📌Зарим хэвлэлүүдэд "Чежүд заавал виз авч зорчих 24 улсаас бусад улсын иргэд 06 дугаар сарын 1-ээс Чежү, Яньянд визгүй зорчиж болно гэсэн боловч, монголчуудад энэ журам 01 дугаар сарын 1-ээс эхлэх хэрэгжинэ" гэжээ.
-Энэ тухай БНСУ-ын ЭСЯ-аас тодруулсан боловч, эцсийн хариу албажин гараагүй гэсэн юм.
☝️БНСУ-ын төрийн байгууллагын албан ёсны шийдвэр гараагүй, түүнийг нь бусад улс дахь ЭСЯ нь вэбсайтдаа нийтлээгүй байхад “визгүй зорчих болсон” гэх мэдээлэл түгсээр байгаа тул анхан шатны баримт шалгалтыг нийтлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэмэлт мэдээлэл:

📌БНСУ-ын Хууль зүйн сайдын зарласан Чежүд виз авч нэвтрэх ёстой 24 улс: Иран, Судан, Сири, Македон, Куба, Косово, Палестин, Афганистан, Ирак, Гана, Нигер, Йемен, Египет, Гамби, Сенегал, Бангладеш, Киргизстан, Пакистан, Сомали, Узбекистан, Балба, Камерон, Шри Ланка, Мьянмар
📌Чежү арал дээр 30 хоног визгүй зорчих эрхийг 2003 оноос хэрэгжүүлж, 2020 оны 02 дугаар сарын 2-ноос түр хугацаагаар зогсоосон бол Яньяны олон улсын нисэх онгоцны буудалд визгүй нэвтрэх журмыг Пёнчаны өвлийн олимпын дараа буюу 2018 оны нэгдүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2020 оны хоёрдугаар сард түр зогсоогоод байсан юм.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst