Тавдугаар сарын 1-нээс Нотариат орох шаардлагагүй боллоо гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

[Төөрөгдүүлсэн] 2022 оны 03 дугаар сарын 23-нд “Тавдугаар сарын 1-нээс нотариат орох шаардлагагүй болно” гэх агуулгатай мэдээлэл цахим орчинд тархсан. 👉Тухайн өдөр Хууль зүйн байнгын хорооны хурлын үеэр иргэний үнэмлэхийн шинэчлэлийн талаар хэлэлцэх үед Д.Цогтбаатар гишүүн үг хэлэхдээ нотариатын үйлчилгээний чирэгдлийн талаар гомдол гаргасан. Хариуд нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар нотариатын үйлчилгээний тухай мэдээлэл өгөх үед хэлсэн агуулгыг төөрөгдүүлэн хүргэсэн байна.

Мэдээллийг анх хүргэсэн зарим сайтууд устгасан ч цахим хэрэглэгчдийн хаягаас түгээсээр байгааг зургаас харна уу/
📌Уг мэдээлэлд: “Иргэний үнэмлэхийн загварыг өөрчлөх талаар тусгасан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Яг өөрийн биеэр нотариатын үйлчилгээ авлаа. Би 30 минут хүлээсний дараа дахиад цаг хүлээнэ гэж хэлсэн. Би уг нь гарын үсгээ л зураад гарах гээд байгаа. Гэтэл тэр нотариатын хүн монголын нотариатын үйлчилгээ цахимд шилжээд гурван жил болж байна гээд ширэв татсан. Цахим үйлчилгээ чинь удаашруулахыг хэлэхгүй. Бид нар юмыг цахимжуулаад, хурдлуулаад байна гэсэн амьдрал дээр ийм л байна. Цахимд шилжээд удаан болсон байна” гэлээ.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Асуудлыг биечлэн шалгая. Иргэнийг удаах биш нотариатын байгууллага улсын бүртгэлийн байгууллагад мэдээлэл нийлүүлэгч болж, нотариатын оффис дээр ирж бичиг баримтаа өгчихөөд эргээд нотариатын оффисоосоо үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн баримтаа авах боломжийг төгсрүүлж, заавал тэр хүнийг нотариат дээр гэрээн дээр гарын үсэг зуруулаад дахиад улсын бүртгэл рүү очуулахааргүй шийдэл гаргаад байгаа.
Тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжих тоон гарын үсгийн гол утга нь энд байгаа. Заавал иргэн нотариат дээр биечилж очихгүйгээр тоон гарын үсгээ ашиглан, цахимд өөрийгөө гэрчлээд гэрээ хэлэлцээр хийх боломжтой болно.
Тоон гарын үсэг рүү шилжих ажил хурдацтай явбал нотариатаар үйлчлүүлэгчдийн тоо огцом буурна. Нотариатыг тойрог тойргоор нь шаардахаа больсон, дурын газраасаа авах боломжтой болсон. 16-аас дээш насны буюу иргэний үнэмлэх авсан иргэн бүрдээ 12 орон бүхий тоон гарын үсэг олгох талаар өмнө нь мэдээлж байв.” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔍 Бид уг мэдээлэлд дурдсан нотариатын үйлчилгээний зохицуулалт болон Цахим гарын үсгийн хуультай холбоотой тодруулгыг Fidelitas Partners “Фиделитас партнерс” ХХН-ийн хуульчдаас авч, дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж эхлэх Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан,

  1. Иргэний хууль,
  2. Улсын бүртгэлийн ерөнхий хууль,
  3. Төрийн албаны тухай хууль,
  4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль гэсэн дөрвөн хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулсан.

📌Иргэний хуулийн
✅421.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, ✅43.2.4-д “цахим хэлбэрээр хэлцэл хийх бол талууд хүсэл зоригоо илэрхийлсэн цахим баримт бичиг үйлдэж, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан ТООН гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж тус тус заасан.

☝Энэ нь цахим хэлбэрээр хийсэн хэлцлийг хуульд заасан дээрх шаардлагыг хангасан тохиолдолд хүчин төгөлдөр болж, талуудын хооронд бичгээр хэлцэл хийгдсэн гэж үзэх боломжтой гэсэн үг.

📌Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн
✅4.3-д зааснаар нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэгч юм.
✅4.4.1-д нотариатч нь нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр, үл маргах шинжтэй болох үйлдэл, баримт бичгийг гэрчлэх
✅4.4.2-д үйлчлүүлэгч хүсвэл нотариатчаар гэрчлүүлэхээр хуульд зааснаас бусад үйлдэл, баримт бичгийг үл маргах шинжтэй болгох зорилгоор гэрчлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
📌Нотариатч нь “Нотариатын үйлдэл хийх заавар” гэх баримт бичгийг мөрддөг. Тус зааврын Тавдугаар хэсгээр гэрээ, хэлцэл гэрчлэхэд холбогдох асуудлыг тусгайлан зохицуулдаг.
☝Нотариатын үйлдэл хийх зааврын 5.2-д хуульд заасны дагуу ЗААВАЛ ГЭРЧЛҮҮЛЭХ гэрээ, хэлцлийг нэг бүрчлэн тодорхойлж заасан.

    Үүнд:
  1. 1. гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл
  2. 2. орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл
  3. 3. үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл
  4. 4. бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ
  5. 5. тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт
  6. 6. тэжээн тэтгэх гэрээ
  7. 7. үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах гэрээ, хэлцэл
  8. 8. мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах гэрээ гэсэн 8 агуулга байна.

☝Харин тус зааврын Тавдугаар хэсэгт гэрээ, хэлцлийг цахим хэлбэрээр гэрчлэх талаар тусгайлан зохицуулсан зохицуулалт байхгүй байна.

✅4.1.3-д зааснаар ТООН ГАРЫН ҮСЭГ гэдэгт мөн хуулийн 6.2-д заасан шаардлага буюу “тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн”, мөн “тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшигчийг тоон гарын үсгийн нийтийн түлхүүр ашиглан таних, шалгах боломжтой” байх, цаашлаад “мэдээлэлд тоон гарын үсгийг хавсаргасан, эсхүл нэгтгэсний дараа өөрчлөлт оруулсан, бүрэн бүтэн эсэхийг мэдэх боломжтой” байх зэрэг шаардлагыг хангасан цахим гарын үсгийг ойлгоно.
✅Харин Цахим гарын үсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д зааснаар ЦАХИМ ГАРЫН ҮСЭГ гэдэгт цахим мэдээлэлд гарын үсэг зурсан, цахим тамга хэрэглэсэн этгээдийг тодорхойлох зорилгоор мэдээлэлд хавсаргасан, эсхүл нэгтгэсэн цахим өгөгдлийг ойлгоно гэжээ.

☝Тоон гарын үсэг нь цахим гарын үсгийн нэг төрөл бөгөөд хуульд заасан тоон гарын үсгийн шаардлагыг хангасан байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst