Тэтгэврийн зээлтэй хөгшчүүд нас барвал хүүхдүүд нь төлөхгүй гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

[Төөрөгдүүлсэн] 📌Зээлдэгч нас барах нь зээлийн гэрээг дуусгавар болгох үндэслэл байхаар тухайлан заасан зохицуулалт холбогдох хуулиудад байхгүй
📌Хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, өвийг өвлөн авсан этгээд байхгүй, өвлүүлэх хөрөнгөгүй зээлдэгч л нас барсан тохиолдолд зээлийн гэрээ дуусгавар болохоор байна.
✍️2022 оны 03 дугаар сарын 14-нд Uugantuya нэртэй Twitter хэрэглэгчийн хаягаас “Тэтгэвэрийн зээлтэй хөгшчүүд нас барвал хүүхдүүд нь төлөхгүй” гэсэн утгатай жиргээ оруулсныг 03 дугаар сарын 16-ны 15:00 цагийн байдлаар 408 удаа цааш түгээгдэж, 556 лайк авсан байна.
Уг жиргээнд “Алтжингийн Алтан нас барсан учир өрийг төлүүлэхээргүй цагаатгажээ. Тэтгэвэрийн зээлтэй хөгшчүүд нас барвал хүүхдүүд нь төлөхгүй юм байна шүү. Цааш нь сайн түгээ. Хууль мэдэхгүйгээсээ төлж байсан юм байна. Ер нь зээлтэй хүн /зээлдэгч/ нас барвал зээл нь хамт оршуулагдах юм бна аа” гэсэн байв.

#FactCheckedByMFCC

🔍 Бид Fidelitas Partners Фиделитас Партнерс ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

☝ Хувь хүнтэй холбоотой, шүүхийн шатанд яваа мэдээллийг шалгах боломжгүй. Харин энэ агуулгаар олон нийтийн анхаарал татаад, тэтгэврийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой мэдээлэл оруулсан тул сүүлийн хэсэгт хамаарах хуулийн зохицуулалтуудыг онцоллоо.

✅Тэтгэврийн зээл нь банкны зээлийн үйл ажиллагааны нэг төрөл тул банкнаас зээлийн үйлчилгээ авах аливаа иргэнтэй “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 20 дугаар зүйл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгож холбогдох зээлийн гэрээг байгуулдаг.

📌Банк, зээлдэгч нарын хооронд байгуулагдах зээлийн гэрээнд “зээлдэгч нас барснаар гэрээ дуусгавар болох” агуулгатай заалт байгаа бол уг гэрээ дуусгавар болно.

📌Ихэнхдээ талууд ямар ямар тохиолдолд гэрээг дуусгавар болгох талаар тусгайлан тохиролцож гэрээнд тусгадаг.
Гэрээгээр “гэрээг дуусгавар болгох” талаар тохиролцоогүй бол “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 25.2-т заасан 📌“зээлдэгч зээлээ хугацаанаас нь өмнө төлсөн тохиолдолд гэрээг дуусгавар болгож болно” гэх заалтаар зохицуулагдана.
☝ Энэ хуульд, зээлдэгч нас барах нь зээлийн гэрээг дуусгавар болгох үндэслэл болохоор тухайлан заасан зохицуулалт байхгүй байна.

👆Талбайд цугласан хүний тоог гаргах сонирхолтой арга - Mapcheck

📌Банкууд дотоод журмаараа заасан хэмжээнээс илүү зээл хүссэн иргэнд зээл олгохдоо хамтран зээлдэгч, болон хамтран үүрэг гүйцэтгэгч байхыг шаарддаг. Тэтгэврийн зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан бол зээлдэгч нас барсан тохиолдолд үргэлжлүүлэн төлөх үүрэг хүлээнэ.

Тухайлбал Хаан банкнаас нэгэн зээлдэгчтэй байгуулсан тэтгэврийн зээлийн гэрээнд 📌“Зээлдэгч нь зээлийн төлбөрийг заасан хуваарьт хугацаанд төлөөгүй 30-аас дээш хоног хэтэрсэн бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн Банк дахь бусад данснаас үл маргах журмаар суутган төлүүлнэ” гэдэг заалт оруулсан байна.

📌“Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-ийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэвэр олгох хугацааг заахдаа “...нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэжээ. Тэгэхээр нас барсан иргэний дараагийн сарын тэтгэвэр ороход суутгал аваад, түүнээс 30 хоног хэтэрсэн буюу нийт хоёр сарын дараагаас банкны гэрээнд заасанчлан хамтран үүрэг гүйцэтгэгчийн данснаас тэтгэврийн зээлийг суутган авч эхэлнэ гэсэн үг.


➕ Нэмэлт мэдээлэл:

✅Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд банктай байгуулах зээлийн гэрээ дуусгавар болох тухайлсан нөхцөл тусгагдаагүй байх тул ерөнхий зохицуулалтыг харъя.

Иргэний хуульд 📌“үүрэг дуусгавар болох үндэслэл” гэх ойлголт байдаг.
* Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн /зээлдэгч зээлээ бүрэн төлсөн/, үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан /банк зээл төлөх үүргийн оронд барьцаа хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлж авсан г.м/, эсхүл талууд /банк, зээлдэгч хоёр/ өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд үүрэг дуусгавар болохоор тодорхойлсон.

* Тус хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-д зааснаар өрийг хүчингүй болгохоор талууд хэлэлцэн тохиролцсон /банк зээлдэгч зээлээ төлөөгүй байхад зээлийг хаах шийдвэр гаргах/ бол үүрэг дуусгавар болж болно.
* Эдгээрээс гадна Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-д зааснаар “үүргийн гүйцэтгэл /зээл төлөх үүрэг/ нь үүрэг гүйцэтгэгч /зээлдэгч/-ийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэн /зээлдэгч/ нас барсан үндэслэлээр үүрэг дуусгавар болно /зээл хаагдана/.

📌Эдгээр тохиолдолд зээлийн гэрээг дуусгавар болгож, зээлийг хаах боломжтой гэж үзэж болохоор байна.

☝ Зээлийн гэрээг банк хэнтэй байгуулсныг анхаарах шаардлагатай.


“Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8 дах хэсгүүдэд “хамтран зээлдэгч” болон “хамтран үүрэг гүйцэтгэгч” гэх ойлголтуудыг хуульчилсан.
📌Хэрэв зээлдэгч мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.7-д зааснаар хамтран зээлдэгчтэй бол зээлдэгч нас барсан ч хамтран зээлдэгч нь зээлийн гэрээнд түүний нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээнэ. Зээлийн гэрээнд заасан тохиолдолд банк нь нас барсан зээлдэгчийн зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар хамтран зээлдэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэх боломжтой юм.
📌Хэрэв зээлдэгч мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.8-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчтэй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч нь Банктай байгуулсан зээлийн гэрээнд түүнийг гэрээний үүргийг ямар хэмжээнд хүлээхээр тохиролцсоноос хамаарч, тохиролцсон хэмжээнд зээлдэгчийн үүргийг хариуцаж, холбогдох зээлийг төлж барагдуулах үүрэг хүлээнэ.
📌Зээлийн гэрээнд заасан тохиолдолд банк нь нас барсан зээлдэгчийн зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлэх боломжтой юм.
🤔Хэрэв зээлдэгчийн банктай байгуулсан зээлийн гэрээнд хамтран зээлдэгч эсхүл хамтран үүрэг гүйцэтгэгч байхгүй бөгөөд зээлдэгч нас барсан бол зээлийн гэрээ дуусгавар болж болох юм.
📌Гэхдээ, аливаа иргэн нас барахад түүний өвийг өвлөх асуудал яригдах ба өвлөх, өвлүүлэхэд холбогдох харилцааг Иргэний хуулийн 515-538 дугаар зүйлээр зохицуулдаг. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.2-д зааснаар зээлдэгчийн өвийг өвлөн авсан өвлөгч нь өөрийн өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгч /зээлдэгч/-ийн үүргийг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр нас барсан зээлдэгчийн банкан дах зээлийн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

📎Нэгтгэн дүгнэвэл:
-Хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, өвийг өвлөн авсан этгээд байхгүй, өвлүүлэх хөрөнгөгүй зээлдэгч нас барсан тохиолдолд л зээлийн гэрээ дуусгавар болохоор байна. Энэхүү тохиолдол нь өмнө дурдсан Иргэний хуулийн 240.1.2-д заасан “үүргийн гүйцэтгэл /зээл төлөх үүрэг/ нь үүрэг гүйцэтгэгч /зээлдэгч/-ийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэн /зээлдэгч/ нас барсан үндэслэлээр үүрэг дуусгавар болох /зээл хаагдана/ тохиолдолд хамаарч болохоор байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst