Усан бассейн 07:00-08:30-ын хооронд үнэгүй боллоо гэх мэдээлэл төөрөгдүүлсэн -Нийслэлд биш, Сэлэнгэ аймаг дахь Усан спортын төвийн тухай мэдээлэл

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 02 дугаар сарын 20-нд Хөтлөгч Ezo Enhzorig нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас “Усан бассейн 07:00-08:30-ын хооронд үнэгүй боллоо” гарчигтай zugii.mn сайтын мэдээний холбоосыг хуваалцсан нь 02 дугаар сарын 21-ны 14:00 цагийн байдлаар 91 удаа цааш хуваалцсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Сайт руу орж мэдээллийг үзэхэд “Сэлэнгэ аймагт бассейн 07:00-08:30-ын хооронд үнэгүй боллоо” гэсэн гарчигтай, “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газар, Усан бассейн 2022 оны 02 дугаар сарын 16-наас ажлын өдрүүдэд өглөө 07:00-08:30 цагийн хооронд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж байна. Та бүхнийг аянд нэгдэж, идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн мэдээ байна.
Уг мэдээний тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр шалгахад Facebook-ийн найман группт хуваалцаж нийт 1778 хариу үйлдэл авснаас 1099 нь реакц, 347 нь сэтгэгдэл, 332 нь шэйр байна.

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Анх мэдээлэхдээ Сэлэнгэ аймагт гэдгийг тодотгоогүй ТӨӨРӨГДҮҮЛСЭН ба засвар оруулсан постоо устгасан байна.

📌 Вэбсайтын өөрчлөлтийн түүхийг хянадаг Distill хэрэглүүрээр шалгахад уг сайт 2022 оны 02 дугаар сарын 20-ны 12:00 цагт “Усан бассейн 07:00-08:30-ын хооронд үнэгүй боллоо” гарчигтай, ““Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд Биеийн тамир, спортын газар, Усан бассейн 2022 оны 02 дугаар сарын 16-наас ажлын өдрүүдэд өглөө 07:00-08:30 цагийн хооронд аж ахуй нэгж байгууллага, иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж байна. Та бүхнийг аянд нэгдэж, идэвхтэй оролцохыг уриалж байна” гэсэн мэдээ оруулсан байв. /зургаас харна уу/

📌 Харин 02 дугаар сарын 21-ний 12:00 цагийн орчимд анх оруулсан мэдээндээ “Сэлэнгэ аймгийн” гэж байршлыг тодотгосон засвар оруулсан байна. Засварыг анхны линк дээрээ хийсэн нь төөрөгдүүлсэн мэдээллийг залруулах ач холбогдолтой байв. Харамсалтай нь 02 дугаар сарын 20-ны 12:19 цагт Facebook пэйждээ уг линкийг хуваалцсан постоо устгасан тул 270 удаа цааш хуваалцсан мэдээлэл хуучнаараа буюу “Усан бассейн 07:00-08:30-ын хооронд үнэгүй боллоо” гэх гарчигтайгаар харагдсан хэвээр байна. /зургаас харна уу/

2. Сэлэнгэ аймгийн Усан спорт сургалтын төв 07:00-09:00 цагт үнэгүй болсон тухай мэдээлэл 02 дугаар сарын 19-ний орой Facebook-т тавигджээ.

📌”Сэлэнгэ Цахим телевиз” нэртэй 23,091 лайк, 26,602 дагагчтай Facebook пэйжид 02 дугаар сарын 19-ний 21:32 цагт “Усан спорт сургалтын төв өглөө 07:00-09:00 цагийн хооронд үнэгүй, 09:00 цагаас хойш 1 цаг нь том хүн 4000₮, хүүхэд 2000₮-өөр үйлчилж байна. Том хүн: Арьс өнгө, цагаан хорхой, мазок /эмэгтэй/, хүүхэд цагаан хорхой, арьс өнгөний шинжилгээ өгнө” гэсэн тайлбартай мэдээ оруулсан байна. Уг мэдээнд “Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газрын дэргэдэх Усан спорт сургалтын төв 02 дугаар сарын 16-наас ажиллаж эхэлсэн. 06 дугаар сарын 01 хүртэл өглөөний цагаар үнэгүй үйлчилнэ” гэжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document