Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 40 насандаа тэтгэвэрт гарна гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 02 дугаар сарын 13-нд ubcorner.com домайн нэртэй сайтад “Эмэгтэйчүүд нэгээс дээш хүүхэдтэй бол 40 насандаа тэтгэвэрт гарах нь” гэсэн гарчигтай мэдээлэл оруулсан нь 02 сарын 17-ны 15:00 цагийн байдлаар Facebook платформд 717 хариу үйлдэл аваад бн. Энэ агуулгатай төстэй мэдээллийг олон дахин сэргээж постолдог тул баримтаар шалгаж мэдээлэх шаардлагатай байна.

Баримт шалгалтын үр дүн

📌 Уг мэдээлэлд “Хэрэв огт хүүхэд төрүүлээгүй бол үрчилж авсан хүүхдийг мөн тооцно. Нэг болон түүнээс дээш хүүхэдтэй эмэгтэй сайн дураараа 40 насанд тэтгэвэрт гарах эрхтэй болно” гэсэн ба “Малчин эмэгтэйчүүд нөхөн төлбөр төлөөд ажилласан 1 жилийг 1.5 жилээр бодож тэтгэвэр олгоно. Хэрэв батлан хамгаалах, цэрэг цагдаа зэрэг хүчний байгуулалт ажилласан бол тухайн байгууллага шийднэ. Нийгмийн даатгал жил алдалгүй төлж явсан иргэнд нэмэлт жилийн тэтгэвэр бодно” гэх мэтчилэн утга найруулгын алдаатай зүйл бичсэн байна.

🔍 Бид өмгөөллийн “Фиделитас Партнерс” Fidelitas Partners ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд “нэгээс дээш хүүхэдтэй бол 40 насанд тэтгэвэрт гарах” тухай заалт байхгүй

📌 Одоо мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд “нэгээс дээш хүүхэдтэй эмэгтэй 40 насанд тэтгэвэрт гарах” тухай заалт байхгүй.

📌Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж заасан байна.

📌Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 7.1.3-д “төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-оос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй” өндөр насны тэтгэвэр авах эрхтэй гэж оруулсан байна.

2. “Малчин эмэгтэйчүүдийн 1 жилийг 1.5 жилээр бодож тэтгэвэр олгоно” гэх мэдээлэл ХУДАЛ

📌Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7.2 дахь заалтын дагуу нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

📌 Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 4.1.5-д “”зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлэх этгээд” гэж Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээдийг” ойлгоно гэжээ.

📌1.5 жил нэмж тооцох тухай заалт:
Уг хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ““Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно” гэж заасан байна. Харин Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 1.5 жилээр тооцох тухай заалт байхгүй.

📌Хөдөлмөрийн нөхцлөөс шалтгаалсан зохицуулалт:
Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3.2 дахь заалтаар нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан.

📌Харин шинэчилсэн найруулгын төсөлд дээрх нөхцөлд эмэгтэйн тэтгэвэрт гарах насыг 50 нас болгон нэмэгдүүлсэн байна.
📌Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслүүдийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэхээр байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document