Ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Монголбанкны мэдээллийн санд орно гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 02 дугаар сарын 16-ны 09:10 цагийн орчимд zarig.mn мэдээллийн сайтад “Ус, дулааны төлбөрөө хугацаанд нь төлөөгүй бол Монголбанкны мэдээллийн санд орно” гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн нь хоёр цагийн дараах байдлаар Facebook-т 3709 хариу үйлдэл аваад байна. Facebook-ийн 18 группэд хуваалцсанаас өөрийн zarig.mn нэртэй пэйжид холбоос бүхий пост оруулсныг 11:40 цагийн байдлаар 1.3 мянган реакц, 553 сэтгэгдэл өгч, 386 удаа цааш түгээсэн байна. Мөн unuudur.mn мэдээллийн сайтад энэ мэдээ орсон байна.

Баримт шалгалтын үр дүн

📌 Уг мэдээ нь “Монгол Улсын Засгийн газраас цар тахлын тухай хуулийн хүрээнд бүх айл өрх болон нэр бүхий 9 салбараас бусад ААНБ-ын тог, цахилгаан, дулааны зардлыг төрөөс дааж байгаад энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн уг шийдвэр эцэс болсон. Зарим иргэдийн хувьд ус дулааны төлбөр болон цахилгааны төлбөр өмнө бичигддэг байснаасаа их гарч буй талаар манай сайтад ихээр хандаж байна. Тэгвэл ОСНААУГ-ын ХҮТ-4 ус, дулааны төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Монголбанкны мэдээллийн санд бүртгэгдэх болсон тухай ийнхүү мэдэгджээ” гээд айлын хаалганд наасан төлбөрийн мэдээллийн зургийг оруулсан байна.

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч ийм агуулгатай тушаал, шийдвэр гараагүйг мэдэгдлээ.

📌 02 дугаар сарын 16-ны 10:22 цагт Монголбанкны хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил өөрийн Facebook хаягаар “Өнөөдрийн байдлаар Монголбанкны Зээлийн мэдээллийн алба болон өөр аль ч эрх бүхий байгууллагаас ийм агуулгатай ямар нэгэн тушаал шийдвэр, журам захирамж ерөөсөө гараагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэжээ.

2. Монголбанк-наас ОСНААУГ-т зээлийн мэдээллийн сангийн үйлчлгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл олгоогүй

📌 02 дугаар сарын 16-ны 12:50 цагт Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн албаны 11-323298 дугаарын утаснаас лавлахад “Энэ бол ташаа мэдээлэл шүү. Ус дулааны төлбөр төлөөгүй иргэдийн мэдээллийг Зээлийн санд бүртгэх тухай мэдээлэл гаргасан ОСНААУГ-ын ХҮТ-4 гэх газартай холбогдох гээд утас нь болохгүй байна. Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг ийм газарт олгоогүй” гэсэн юм.

📌 Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 4.1.5-д “”зээлийн мэдээллийн сангийн үйлчилгээ үзүүлэх этгээд” гэж Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээдийг” ойлгоно гэжээ.

📌 Тус хуулийн 3 дугаар зүйлд “Хуулийн хамрах хүрээ”-г тодорхойлсон бөгөөд 3.1-д “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон энэ хууль, гэрээнд заасан иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хяналт тавихад энэ хууль үйлчилнэ” гэж заасан тул мөнгөн төлбөрийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журам дахь нөхцлийг хангаж хүсэлтээ гаргах боломжтой.

📎 Нэмэлт мэдээлэл:

📌 Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 28.1-д “Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна”;
📌 28.2-т “Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө” гэж заасан.
📌 Мөн хуулийн 4.1.11-д “”төрийн байгууллага” гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг” ойлгох талаар заасан.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document