“ДЦС 4”-ийн 5 дугаар зуух зогссон гэх мэдээлэл #ХУДАЛ

   [Худал] 2021 оны 12 дугаар сарын 05-нд Mandakhsaikhan Ganbold нэртэй facebook хэрэглэгчийн хаягаар “Бүх тогоо салгаад ганц гар утасны цэнэглэгч залгаатай хоноход маш их зардал гардаг юм байна. Өнөөдөр мэдээгээр ТЭЦ-4 дээр 5-р зуух зогссон тул хязгаарлалт хийжээ. Иймд илүү цахилгаан хэрэгслэлүүдээ унтрааж сураарай” гээд MNB Монголын мэдээ сувгийн Мэдээллийн хөтөлбөрийн зургийг хавсаргасан байв.
Уг мэдээлэл нь эрчим хүчээ хэмнэхийг уриалсан зөв хандлагатай хэдий ч олон нийтийн ярьж заншсанаар “ТЭЦ-4” буюу “ДЦС 4” ТӨХК-ийн нэг зуухыг ажиллагаагүй зогссон гэсэн ноцтой мэдээлэл агуулсан байв.

   Энэ утгыг 11 дүгээр сарын 25-наас сошиалд оруулж эхэлсэн ба 12 дугаар сарын 11-ний өдөр Б.Батцэцэг нэртэй хэрэглэгчийн хаягаар постолсон “Өнөөдөр мэдээгээр дахиад гарсан шүү, бүх нийтээрээ цахилгаанаа хэмнэхгүй бол Монгол даяараа харанхуй болох аюултай байгаа юм байна. ТЭЦ-4 дээр 5-р зуух зогссон. УБ-т хязгаарлалт хийж байгаа тул гэртээ илүү цахилгаан хэрэгслэлүүдээ унтраагаарай” гэх утгаар дахин постлогдсон нь 12 дугаар сарын 16-ны байдлаар 145 реакц, 7 сэтгэгдэл авч, 1,000 удаа цааш түгээгдсэн байна. /зургаас харна уу/

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Уг мэдээллийн дагуу “ДЦС 4” ТӨХК-ийн 70171284 дугаарын утсанд холбогдож тодруулахад “манайх үйлдвэрлэл хариуцдаг тул мэдээлэл өгөх боломжгүй. “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК буюу удирдах түвшний чиг үүрэгтэй байгууллагаас мэдээлэл авах” зохицуулалттай гэдгээ хэлсэн юм.

📌“Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн Төв диспетчерийн албаны дарга Б.Ганбатаас имэйлээр дараах тодруулгыг авлаа.
-“ДЦС 4-ийн найман зуух бүгд хэвийн ажиллаж байна. Шаардлагатай үед захиалгын дагуу түр зогсоож гэмтэл устгаж болно. Оргил ачааллын үедээ эрчим хүч үйлдвэрлэл нийт хүчин чадлынхаа 96 хувиар ажилладаг. Хэрэв байгалийн онц ноцтой үзэгдэл, хүчтэй шороон шуурга зэргээс шалтгаалан улс хоорондын шугам тасарвал орон даяар хэсэгчлэн хүчдэлгүй болох эрсдэл бий” гэсэн юм.

📌Дээр дахин давтаж гаргаад буй мэдээлэлд ашигласан зураг нь 12 дугаар сарын 05-нд MNB Монголын мэдээ сувгийн албан ёсны пэйжид тавигдсан мэдээ байв. /Уг пэйжийг 2011 онд нээсэн, 353.4 мянган дагагчтай/

-Мэдээлэлд “Гар утас цэнэглэгчээ залгуураас нь бүрэн салгаж хэвшсэнээр 2,8 тэрбум төгрөг хэмнэх боломжтой” гэсэн гарчиг өгсөн бөгөөд “ДЦС 4” ТӨКХ-ийн ээлжийн инженер Х.Чулуун-Эрдэнэ өгсөн ярилцлагадаа “Станцын тоноглолууд тулсан ачаалалтай явж байгаа” гэжээ.

Энэ мэдээнд “ДЦС 4” ТӨХК-ийн тавдугаар зуух ажиллагаагүй болсон гэх агуулга огт байхгүй байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst