Рио Тинто компани Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

tuuh.mn вэбсайт Рио Тинто компани Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ гэх агуулгатай мэдээ нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гарчиг болон агуулгыг буруу орчуулсан худал мэдээг дахин нийтэлсэн

2021 оны 11-р сарын 21-нд tuuh.mn вебсайт Рио Тинто компани Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ гэх агуулгатай мэдээ нийтэлжээ. Уг мэдээг 21.11.22 өдрийн 14:30 цагийн байдлаар 28 Facebook группд түгээж, нийт 1,619 риакц, 564 сэтгэгдэл үлдээж, 161 удаа хуваалцжээ.

Уг мэдээлэлд “Рио Тинто компани Монголын газар доорх асар том зэсийн ордыг ашиглахаа зогсоохоор заналхийлснээр тус улсын Засгийн газар томоохон асуудалтай нүүр туллаа. Учир нь Монголын говьд байрлах “Оюу толгой” уурхайн гүнийг өргөтгөх 6.7 тэрбум ам долларын гэрээ бол “Рио Тинто”-гийн хамгийн чухал төсөл юм… Гэвч төсөл анх тогтоосон төсөвт өртөгөөсөө хэдийнэ хэтэрсэн нь асуудал дагуулаад байна. Үүний улмаас тус компани хэрэв Монгол Улс энэ төслийг сайжруулахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцлахаас өөр аргагүй гэдгээ мэдэгдсэн нь монголчуудыг түгшээж байна” гэжээ.

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Гарчиг болон агуулгыг буруу орчуулсан худал мэдээг дахин нийтэлсэн

✅Уг мэдээний эх сурвалж болох Зууны мэдээ сонин 2021 оны 1-р сарын 14-нд адил гарчигтай нийтлэл оруулж байжээ. Тус сонины сайтад Financial Times-ийн “Mongolia threatens to halt Rio Tinto copper project” нийтлэлийг орчуулан хүргэхдээ гарчгийг алдаатай орчуулж, “Рио Тинто зэсийн уурхайн төслөө зогсоосон нь Монголд аюул учрууллаа” гэсэн нь худал агуулгатай болгосон байна. Зөв орчуулга нь “Монголын тал Оюу Толгойн төслийг зогсооход хүрч болзошгүй.”

2. Рио Тинто компани зэсийн ордыг ашиглахаа зогсоохоор заналхийллээ гэх ямар ч албан ёсны мэдэгдэл тухайн үед гараагүй

✅2021 оны 1-р сарын 11-нд Оюу Толгойн 66 хувийг эзэмшдэг Канадын Turquoise Hill компанийн мэдээлэлд “Монгол Улсын Засгийн газар Оюу Толгой зэс, алтны уурхайн хөгжлийн төлөвлөгөө болон санхүүгийн төлөвлөгөөг цуцлах, эсвэл өөрчилж болзошгүй байгаа бөгөөд уурхайн зардал ихээхэн өссөн нь Монгол улс Оюу Толгойгоос хүртэх эдийн засгийн үр өгөөжийг бууруулна гэдэгт санаа зовниж буйгаа илэрхийллээ” гэсэн байна. Мөн 2020 онд Монгол Улсын Татварын ерөнхий газраас Оюу Толгой компанид шинээр ногдуулсан татварын талаар мэдээлжээ.
*Turquoise Hill Resources (Туркойз Хилл Ресурс) компани Торонто, Нью-Иоркийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргасан, Рио Тинто компанийн шууд бус эзэмшлийн компани юм. Рио Тинто энэхүү түншлэлийг төлөөлөн Оюу толгой төслийн менежментийг хариуцдаг. /Холбоосыг хавсаргав/

3. Засгийн газар болон Rio Tinto хооронд Оюу Толгой төслийн яриа хэлэлцээ үргэлжилж байгаа

✅Анх 2016 онд батлагдсан ТЭЗҮ-д гүний уурхайн зардал 5.3 тэрбум ам.доллар, ашиглалтад орох хугацаа 2021 оны нэгдүгээр сар гэж тусгасан. Гэвч гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллараар өсч, үйлдвэрлэл эхлэх хугацаа нь 2022 оны аравдугаар сар болж хойшилсон. 10-р сарын 15-нд хугацаа нь дахин гурван сараар хойшилж байгааг Rio Tinto компани мэдээлж байсан.
✅Рио Тинто 10-р сард Засгийн газарт дөрвөн санал бүхий захидал хүргүүлж, Засгийн газрын 34 хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэх, мөн шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлах шаардлагатайг дурдсан. Мөн далд уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд энэхүү нэмэлт төсвийг яаралтай батлах хэрэгтэй байгааг мэдэгдсэн юм. Талуудын хооронд төслийн талаарх яриа хэлэлцээ одоо ч үргэлжилж байгаа. /Холбоосуудыг хавсаргав/


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document